Энэ сарын 6-ны өдрийн 10:58 цагт Завхан аймгийн Онцгой байдлын газарт тус аймгийн Сантмаргац сумын Баяннуур багийн Билүүт гэдэг газар, сумын төвөөс 30 км-т орших Баяннуур нуурт ОХУ-ын иргэн Черняев Вадим Анатольевич живж, осолдсон тухай дуудлага иржээ.
Дуудлагын дагуу Завхан аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч 2 автомашин 2 завьтай, Увс аймгийн онцгой байдлын газраас 4 алба хаагч, 1 автомашинтай, сум орон нутгаас 3 иргэн 1 автомашинтай, Цагдаагийн газраас 8 алба хаагч нийт 28 хүн 5 техник хэрэгсэлтэйгээр нууранд эрэн хайх ажиллагаа явуулсан байна.
Эрлийн ажиллагааг Завхан аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ө.Болд, Увс аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Баттулга нар удирдан, тав хоногийн хугацаанд явуулжээ. Өнөө өглөө 09:15 цагт нуурын эргээс 1.5 км зайтай, 12 м гүнд ОХУ-ын иргэний цогцос хөвж явсныг олж гаргаж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.