Бүрий болох, нар мандаж үүр цайх үеэр
Үрсийн гуравдах мэлмий
Маш хүчтэй байдаг гэж үздэг.
Мөн харанхуй шөнө
Элдэв дүртэнг ажихвий хэмээн эмээж
Бор халзан туулайг хийнэм.
Балчир үрийн галны заадсыг авахуулаад
Хамрын үзүүр хүртэл
Хар хөөгөөр зураас татан
Сүнсэн бие нь бэхжихээс өмнө
Сүүдэр бүхнийг бүү хартугай.
Эрхэм бие нь бэхжихээс өмнө
Элдэв мууг бүү хартугай гэж хоёр шивнээд
Гуравдах дээр нь зулайн дээр нь үнсээд
Хөө тортогийг зурнам.
Ингээд харуй бүрийгээр үрийг авч явах гэж буй бол
Өлгийнийх нь бүсэнд гурван ширхэг явуу хийн
Хар лусын хаздаг цагааны шид
Хонгор үрийн бүслүүр зангилаа
Хөх лусын хаздаг цагаан шид
Хөөрхөн үрийн бүслүүр уяа
Улаан лусын хаздаг цагаан
Ураг төрлийн минь бүслүүр хамгаалалт гэж
Гурвантаа хэлээд үрийн өлгийнд явууг зэхэн тогтоож
Харуй бүрийгээр балчир үрсийг авч явна.
Энэ домыг хэрэв хийхгүй бол
балчир үрсэд ямар аюул байх талаар
Үрсийн мэлмий хүчирхэгээр хардаг учир
Айж мэлмий сэвтэж
Ухаанд нь сэв сууж
Энэ ужиг нь өсвөр насанд нь илэрч
Авир муутай элдэв муу уршигтай үр болно гэж цээрлэдэг ажгуу.
Төрснөөс авахуулаад гурван нас хүртэл
Энэ домыг хийхэд зохимжтой.
Өөрөөр учгийг тайлвал
Зулайн яс битүүртэл
Энэ домыг хийж байх учигтай.
Үгүй бол ухамсарт нь
Хар муу сүнсний ухамсар орж шингэнэ гэж үздэг.