Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид хорихоос оргоод 23 жил болсон иргэнийг илрүүлжээ.
Хорих ангид ял эдэлж байсан Т нь
Баян-Өлгий аймгийн харьяат. 1993 онд Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн
126.4 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэж
гурван жилийн хорих ялаар шийтгүүлсэн аж.
Тэрбээр Баян-Өлгий аймаг дахь хорих ангид
ял эдэлж байх хугацаандаа 1993 оны аравдугаар сард оргож Казахстан улс
руу зугтжээ. Улмаар өөрийгөө нас барсан гэх хуурамч баримт, бичиг
бүрдүүлж бусдаар дамжуулан хуулийн байгууллагад хүргүүлсэн бөгөөд 2009
онд аймгийн Прокурорын газраас оргодол Т-д холбогдох хэргийг нас барсан
гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон аж.
Баян-Өлгий аймгийн цагдаагийн газрын албан
хаагчид нутгийн иргэдтэй хамтран ажилласны үр дүнд нас барсан гэх
оргодол Т-г тус аймгийн нутаг дэвсгэрээс энэ оны зургадугаар сард буюу
23 жилийн дараа илрүүлжээ. Оргодол Т-д холбогдох хэргийг сэргээн шалгуулахаар Прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.