Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд нийтийн тээврийн үйлчилгээний талаарх мэдээлэл болон шийдвэрлүүлэх хүсэлтэй ажлыг танилцууллаа. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын нийтийн тээврийн автобусаар дундажаар ажлын өдөр 318958 хүн 759921 удаа, амралтын өдөр 20117 хүн 442651 удаа зорчиж байна. Нийтийн тээврийн төлбөрийн систем цахим хэлбэрт шилжсэнээс хойш 1 сая 271 мянга 47 карт борлуулагджээ.
2017 оны 08 дугаар сарын 01-ний байдлаар ашиглах боломжтой картын тоо 1 сая 47 мянга 215 байгаа юм.
Улаанбаатар хотын хэмжээнд U money карт цэнэглэх, борлуулах 492 гэрээт цэг, Нийслэлийн нэгдсэн худалдааны төвүүдэд болон өөрийн байран дээр 4 хэрэглэгчийн төв ажилладаг. Гэхдээ карт цэнэглэх, борлуулах гэрээт цэг автобусны зогсоол дээрх, эсвэл ойролцоох ТҮЦ, дэлгүүрүүдэд байдаг боловч эдгээр цэгүүд нь дурын цагтаа онгойж, хааж байгаа нь хүндрэлтэй байдгийг иргэд хэлж байна. Мөн нийслэлд зорчигч урсгал ихтэй ч гэрээт цэг байгуулах боломжгүй ТҮЦ, дэлгүүргүй автобусны зогсоол олон байдаг учраас зарим байршилд нэмж карт цэнэглэх цэг байгуулах саналыг Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү танилцууллаа.
Хэрвээ энэ танилцуулга нь ажил хэрэг болвол нийтийн тээврээр зорчигчдод тулгарч буй хүндрэлтэй нэг асуудал шийдэгдэх юм. Тиймээс зүгээр танилцуулаад өнгөрөх бус ажил хэрэг болгодог байгаасай гэж нийт автобусаар зорчигчдын өмнөөс хүсч байна.