Өнгөрсөн долоо хоногт МАН-ын Удирдах зөвлөлийн хурал нэлээд ширүүн нөхцөлд болсон. Тус хурлын үеэр Шадар сайд У.Хүрэлсүх ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгнө гэж мэдэгдсэн тухай мэдээлэл гарсан. Албан бус яриагаар түүнийг Удирдах зөвлөлийн хурал дээр 60 тэрбумын асуудал болон өөрийг нь тагнаж чагнасан асуудлыг хөндөж, холбогдох хүмүүсийг хариуцлага хүлээх хэрэгтэй гэдгийг сануулсан байна.
Мөн энэ үеэр Шадар сайд У.Хүрэлсүх албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгч, жирийн намын гишүүний үүднээс нам дотор авлига хээл хахуультай тэмцэхээ илэрхийлсэн гэдэг. Тэгвэл Шадар сайд У.Хүрэлсүх өнгөрсөн баасан гаригт холбогдох албан тушаалтнуудад ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэдгийг эх сурвалж мэдээллээ. Засгийн газрын гишүүнийг УИХ томилж, чөлөөлдөг учраас түүний өргөдлийг УИХ хэлэлцэж, эцэслэн шийднэ.