УИХ дахь Ардчилсан намын бүлэг Засгийн газрыг огцруулах эсэх асуудлаар хуралдсан. МАН-ын дотоод тэмцлийг тэвчээртэйгээр харж суусаар өдийг хүргэсэн тэд өчигдөр Төрийн ордонд хуралдан саналаа нэгтгэсэн байна. УИХ-ын даргын эзгүйд МАН-ын УИХ дахь 30 гишүүний гарын үсэгтэй Засгийн газрыг огцруулах тухай хүсэлтийг дэд дарга Я.Санжмятав \”хүндэтгэлтэйгээр” хүлээн авсаны маргааш ийнхүү тэд хуралдлаа.
Өөрийнх нь намын гишүүн Засаг огцруулах хүсэлтийг \”ялдамханаар\” хүлээж авсан нь тэдний дотор найдварын гэрэл, бас шинэ Засагийн шимээс хүртэх бэлгэ дэмбэрлийг авчрав бололтой. МАН-ын талаас 30 гишүүн Засаг огцруулах саналтай байгаа нь тэдний сонирхолыг татаж, сэтгэлийг хөдөлгөсөн нь илт. Уг нь тэд аль эрт дуугарвал дуугарахаар үйл явдлууд өрнөсөнийг хараад л сууцгаасан. Одоо харин тэд хайрга билүүгээ бэлдэн, хутга заазуураа ирлэн, зуушны ширээний зүг хараа бэлчээж эхэллээ. Төрийн байгуулалтын байнгын хороо Засгийн газрыг огцруулах санал хүлээж авсанаас хойш долоо хоногийн дотор хуралдах ёстой. Энэ ч тэдэнд сарын дайтай урт хугацаа санагдаж байж мэднэ. Харин 14 хоногийн дотор УИХ ээлжит бус чуулган зарлан хуралдах ч мөн жилийн хугацаа мэт байгаа. Өлссөн хүнд цаг хугацаа ингэж л бодогддог.
МАН доторх хурцадмал байдал тэдэнд боломж олгож байгааг саналын тоогоороо тэг дундуураа хуваагдсан УИХ дахь гишүүд нь харуулчихлаа. Одоо харин тэдний хувьд аль талтай нь тохироо хийвэл ашигтайг бодох л үлдсэн. Бодоод толгой нь хүрэхгүй бол аль алинтай нь уулзаж тохироо хийх алхамдаа ч бэлдэж эхэллээ. Ер нь аль нэг талтай нь наймаа хийхээр болж байх шиг байна. АН-ын гишүүд улс төрчид гэхээсээ наймаанд одтой хүмүүсээс бүрдсэнийг захын жаал ч хэлээд өгнө. Энэ удаад тэд \” уг асуудлыг судалж үзэх санал дүгнэлт боловсруулах” нэрийн дор ажлын хэсэг байгуулан наймаанд хамгийн одтой, сэргэлэн цовоо Лу.Болдоороо ахлуулчихлаа.
Голоороо цуурсан МАН-ын тугийн аль талыг нь барьж намируулахаа тэр өлхөн мэднэ. Харин МАН-ыхан энэ хооронд АН-ын гишүүдийг нэмээд ч хүрэхээргүй тоотойгоор нэг талруугаа хэлбийж чадвал АН-тай тугаа хамжиж өргөхгүй. АН-ынхан эх орон ард түмэн гэхээсээ илүү ашиг сонирхолын өөр боломжит нөхцөл байдлыг л харж байгаа болов уу… Тэд үнэхээр ард түмний ашиг сонирхолын төлөө сэтгэл зүрхтэйсэн бол У.Хүрэлсүхийн нөхдийг дагаад гарын үсгээ зурах байв. Гэтэл тэгсэнгүй. Зүгээр л МАН-ыханы хуваагдал хэд хэдэн хувьтайг л харж суусан байна.
50:50 хувь гэдэг АН-ыханыг \”ура” хашихруулчихлаа. Улс төрийн наймаачид тохироонд хүрэхдээ амархан. М.Энхболдтоны талд гэгээ тусаж эхэллээ. Гэвч тэднийг наймаа тохироонд тулаад ирвэл нөгөө тийш буюу У.Хүрэлсүхийг дагах хүн олон. Гарын үсэг зураагүй гишүүд дотор зүгээр л мөрөөрөө юм шиг харагдаад, тулаад ирэхийн алдад зөв зам мөрөө сонгох гишүүн гарын арван хуруунаас ч давууг бас тооцох хэрэгтэй.
Г.Хан