Монголын залуучуудын өдрийг тохиолдуулан Залуучуудын иргэний нийгмийн гуравдугаар чуулганыг өнөөдөр зохион байгуулж байна. Уг чуулганы нээлтийн ажиллагаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр оролцлоо. Тэрбээр, нээж хэлсэн үгэндээ \”Бид өнгөрсөн хугацаанд \”Орлоготой оюутан” үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж их, дээд сургуульд сурч байгаа залуучууддаа зориулж \”Боловсролын зээлийн сан”-г шинээр байгууллаа. Мөн залуучуудын гарааны бизнесийг дэмжих, төвлөрлийг бууруулах, орон нутгийн бизнес эрхлэгч залуучуудыг дэмжих зорилгоор \”Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” шинэ төслийг эхлүүлж байна. Орон нутгийн залуучуудыг малжуулах, зорилтот бүлгийн залуучуудыг ажлын байраар хангах, шинээр бизнес эрхлэгч залуучуудыг дэмжих, бага хүүтэй зээл олгох ажлуудаа шинэ бодлогоор сэлбэн хэрэгжүүлж байна. Цаашид бид залуу гэр бүлийг орон сууцаар хангах, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, гарааны бизнесийг шинэ түвшинд гаргах, залуучуудад зориулсан цагийн ажлын тогтолцоог бэхжүүлэх, мэргэшсэн ажилтан бэлтгэх, гадаадаас авдаг ажиллагсдын тоог бууруулж залуусаа сургаж дадлагажуулах зэрэг олон зорилтоо цогцоор нь хэрэгжүүлэхээр хичээн ажиллах болно” гэсэн юм.
Үүний дараагаар нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд Залуучуудын хөгжлийн төвийн нээлтийг хийв. Энэ нь Монгол Улсын хэмжээнд байгуулагдаж буй Залуучуудын хөгжлийн 16 дахь төв юм. Тус төвийг НҮБ-ын Хүн амын сан, Швейцарийн хөгжлийн агентлаг, Люксембург Засгийн газар, \”Оюу толгой” ХХК-тай хамтран байгуулж байгаа аж.
Залуучуудын хөгжлийн төвд интернэт орчин, компьетерийн өрөө, олон талт сургалтын танхим, ганцаарчилсан сэтгэл зүйн зөвлөгөө өгөх өрөө, спорт заал, эрүүл мэнд, амьдрах ухааны цогц сургалт, үйл ажиллагааг явуулна. Мөн залуучуудын хүсэл, сонирхолд нийцсэн клуб, бүлэг зохион байгуулагдахаас гадна олон нийтийг хамруулсан нөлөөлөх, оролцоог хангах үйл ажиллагааг явуулна.
Энэхүү жишгийн дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Монгол Улсын бүх аймаг, дүүрэгт Залуучуудын хөгжлийн төвийг байгуулахаар зорьж ажиллаж байна.
Эх сурвалж: Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам