Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2017 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын нийслэл Будапешт хотноо өчигдөр эхэллээ.
Таван тивийн шилдэг 300 орчим бөх хүч бяраа сорьж байгаа тус тэмцээнд Монгол улсын баг тамирчид боломжит бүх жинд зодоглож байгаагаараа ихээхэн онцлог юм. Тэмцээний эхний өдөр хуваарь ёсоор эмэгтэйчүүдийн 48 кг, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жингийн барилдаанууд явагдаж, медальтнууд тодорлоо. Тэмцээний салхийг хагалж, Монголын баг тамирчдаас М.Уранцэцэг, Г.Болдбаатар, Д.Амартүвшин нарын гурван гавьяат татамид гарч барилдлаа. Улмаар манай тамирчид Будапештын дэвжээнд хүчтэй өрсөлдөгчид болохоо харуулж гурван тамирчны хоёр нь медалийн тавцанд зогсож, эх орныхоо төрийн далбааг тэнгэрт мандууллаа.
Тодруулбал, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд зодоглосон дэлхийн аварга, МУГТ Мөнхбатын Уранцэцэг мөнгөн медаль хүртэж, дэлхийн аваргын хос медальтай Монголын хамгийн анхны эмэгтэй жүдоч боллоо. Харин эрэгтэйчүүдийн 60 кг-д хүч үзсэн дэлхийн аварга, МУГТ Ганбатын Болдбаатар хүрэл медаль хүртэж, мөн дэлхийн аваргын хос медальтан болж, Монгол түмнээ баярлууллаа.
Мөн эмэгтэйчүүдийн 48 кг-д Казахстан улсын нэрийн өмнөөс барилдаж буй Монгол улсын тамирчин Г.Отгонцэцэг хүрэл медаль хүртэж, элэг нэгтнүүдээ баярлуулсан юм. Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн медалийн тавцанд хоёр Монгол бүсгүй зогссон нь Жүдо бөхийн ДАШТ-ий онцлох үйл явдлуудын нэг байлаа.
Түүнчлэн энэ жингийн медалийг Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулсан нь бас нэгэн онцлох үйл явдал болсон юм. Ерөнхийлөгчийн хувьд Будапешт хотноо очиж эхний өдрийн хоёр жингийн шигшээ барилдаануудыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай хамт үзэж, медалийг гардуулсан билээ.