Чингэлтэй дүүргийн 6-р хорооны нутаг Тасганы овооны зүүн замд 2017 оны 08 дугаар сарын 25–наас 26-нд шилжих шөнө явган зорчигч 57 насны эрэгтэй хүнийг марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч дайрч амь насыг нь хохироосон хэргийг алба хаагчид шуурхай эрэн сурвалжиж, илрүүллээ.
Зам тээврийн хэрэг, ослын газрыг санаатай орхиж явсан жолооч нарт Монгол улсын Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлд:
– Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг \”зориуд орхиж зугтаасан бол” дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар \”зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ”,
– Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ\” гэж заасан байдаг.
Иймд жолооч та бүхэн зам тээврийн осол, хэрэгт холбогдсон тохиолдолд тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, зам тээврийн осолд өртсөн хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллагад мэдэгдэж жолоочийн болон иргэний үүргээ биелүүлж байхыг зөвлөж байна.
Эх сурвалж: Замын цагдаагийн алба