Хөдөөгүүр адуугаа тамгалаад л сүйд болж байна. Сайхан зан үйл л дээ. Адуу олонтой айл найр наадам болж, нутгийн залуус цуглаж, эр бяраа үзээд л. Бид чинь бүр манай эриний өмнөх 1000-д жилийн тэртээд өөрсдийн малаа тамгалж, өмчилж байсныг МУИС-ийн Монгол Судлалын хүрээлэнгийн захирал Ж.Батсуурийн судалгаанд дурдсан байдаг аж. Ер нь малаа тамгалдаг зан үйлийг нэн эртнийх гэдгийг л илтгээд байгаа юм. Тиймээс энэ уламжлалыг алдагдуулахгүйгээр авч явах нь залуу үе бидний үүрэг хариуцлага билээ.
Гэтэл адуугаа тамгалах зан үйлийг наргиан хөгжөөн болгож, хаа хамаагүй зүйлсийг адууныхаа гуянд тамгалдаг болчихсон байна. Тухайлбал энэ зурагт ЛЕКСУС автомашины эмбэлэмийг адууныхаа гуянд тамгалсан байгааг та харж болно. Бодвол ЛЕКСУС шиг хурд хүчтэй байхыг билэгдсэн юм болов уу даа. Ийм тамгатай адууг та Төв аймгийн Баян болон Эрдэнэ сумдад харах боломжтой.
Адуугаа тамгалж, ёс уламжлалаа хадгалж яваа нь сайн хэдий ч хэн дуртай нь хүссэн зүйлээрээ адуу тамгалаад байх уу, яах уу?