УИХ дахь \”Шударга ёс” эвслийн бүлгийг даргагүй бүлэг гэж
нэрлэх боллоо. Уг нь дарга нь байгаа. Гэвч хуулиар дарга нь өөр албан тушаалд
томилогдсон бол дараагийн сул гишүүнийг бүлгийн даргаар томилдог журамтай. \”Шударга
ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны сайдаар
томилогдсон. Гэсэн ч бүлгийн даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөлгүйгээр давхар,
давхар албан тушаал эрхэлж байна. Журмаар үүнийг зөвшөөрдөггүй. Гэвч Н.Батцэрэгийг
бүлгийн даргаас чөлөөлөөд оронд нь бүлгээ удирдаад явах хүн \”Шударга ёс” эвсэлд
байхгүйгээс нэг хүн давхар давхар албан тушаал хашиж, өөртөө хэт их ачаалал
өгөх болоод байна.
МАХН-ын дарга Н.Энхбаярын зүгээс \”бүлгийн даргаа намдаа
ав” гэсэн тушаалыг буулгасан гэх боловч түүний намаас дарга болчих хоншоортой
хүн тодорсонгүй. Ч.Улаан байнгын хорооны дарга болчихсон, Д.Тэрбишдагва бүлгийн
дарга болох сонирхолгүй байгаа, О.Баасанхүү намын даргын уурыг хүргэсэн гээд
сул гишүүд асуудалтай байгаа. Харин МҮАН-аас Ч.Уянга л сул байна. Гэхдээ
хамтарсан засгаа унагахаар гарын үсэг цуглуулж яваа хүнээр юу гэж бүлгээ
удирдуулах вэ дээ. Д.Тэрбишдагва бүлгээ удирдаад явах хамгийн боломжтой хүн.
Гэвч дургүйд хүчгүй гэгчээр түүнийг хүчлэх хүсэл намд нь алга. Харин бүлгээ
удирдах чин хүсэлтэй, ер нь дээлээ давхарлачих хүсэлтэй сул гишүүн бол
О.Баасанхүү. Гэвч түүнийг намын бүлгийн дарга болгох нь битгий хэл намдаа байх
үгүй нь яригдаж байгаа.
Ийм л өрөвдөлтэй гэмээр байдалд эвслийнхэн орчихоод байна.
Нөгөө талаас эвслийн бүлгийг удирдах хүнийг сонгоход хамтарсан хоёр намын
хооронд багагүй маргаан дэгдэх бололтой.
А.Аюуш