Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах Ажлын хэсгийн хуралдаан 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр болсон билээ. Хуралдааны үеэр хотын дарга С.Батболд цаашид замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар хэд хэдэн үүрэг, даалгавар өгсний нэг нь \”Их, дээд сургуулиудыг нийслэлээс гаргах” ажлыг судалж, хэрэгжүүлж эхлэх явдал юм.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод төрийн болон хувийн хэвшлийн 96 их, дээд сургууль, коллежид 150 мянган залуус суралцаж байна. Сүүлийн 7 жилийн турш эдгээр сургуулиудыг хотоос гаргах, суралцагч оюутнуудын нийгмийн хэрэгцээг нь хангасан дотуур байр, бусад дэд бүтцийг бий болгосон оюутны хотхонуудыг дагалдуулан барьж байгуулах талаар олон талаас нь ярилцаж байгаа ч үр дүнд хүрэхгүй байсаар олон жилийг ардаа орхилоо.
Жил жилийн намар их, дээд сургуулиудыг хотоос гаргах яриа гардаг боловч дорвитой алхам хийгдэхгүй байсаар энэ байдлаараа олон арван жилийг үдэж, сургуулиудыг байрны ашиглалтын хугацаа ч дуусч эхэлжээ.
Тэгвэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд их, дээд сургуулиудыг хотоос гаргах талаар санаачилга гарган Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Г.Чулуунбаатарт хамтран ажиллах санал хүргүүллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.