АНУ-ын \”Мөрөөдлийн медалийн сан”-гаас 2017 оны чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчдаа нийт 270 мянган ам.доллароор урамшуулахаар болжээ. Парисын дэвжээнд АНУ-ын чөлөөт бөхийн тамирчид алт, мөнгө, хүрэл медаль тус бүр гурвыг хүртсэн бөгөөд нийт 270 мянган \”ногоон” гардахаар болсон тухай мэдээлж байна.
Хоёр жилийн өмнө нь Сэм авгын бөхчүүд Лас-Вегасын ДАШТ-д нийт 245 мянган ам.долларын шагнал хүртэж байв. \”Мөрөөдлийн медаль сан”-гаас олимпийн наадмын аваргыг 250, мөнгө 50, хүрэл 25, ДАШТ-ий эхний гурван байрыг 100, 50, 25 мянган ам.доллароор шагнадаг бөгөөд \”Лондон-2012” олимпийн наадмын аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга Жордан Барроуз замналынхаа турш нийт 465 мянган \”ногоон” халаасалжээ.
Харин \”Рио-2016” олимпийн наадам болон дэлхийн хошой аварга Хелен Марулис (365 мянга $), Кайл Снайдер (350 $) Мөрөөдлийн сангаас авснаараа удаалдаг. Энэ жилийн дэлхийн аваргад медаль хүртсэн тамирчдын урамшууллыг есдүгээр сарын 9-нд Детройт хотод болох арга хэмжээний үеэр гардуулах юм байна.