Нийслэлийн Баянзүрх дүүргийн тамгын газарт МАН-ын гишүүд, төлөөлөгчид болон тус дүүргийн оршин суугч иргэдийн зүгээс жагсаал зохион байгууллаа. Тодруулбал Баянзүрх дүүрэг бүтэн нэг жилийн хугацаанд Засаг даргагүй байсан мэтээр яригдаж байсан. Өнгөрсөн хугацаанд Баянзүрх дүүргийн Засаг даргын үүргийг Д.Пүрэвдаваа гүйцэтгэж байсан юм. Тэрбээр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгч энэ дагуу Улаанбаатар хотын захирагч С.Батболд захирамж гаргаж наймдугаар сарын 23-ны өдөр Б/171 тоот захирамж гаргаж, Д.Пүрэвдавааг өөрийнх нь хүсэлтийн дагуу ажлаас нь чөлөөлсөн. Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Т.Баясахыг дүүргийн Засаг даргаар томилуулах саналыг 2017 оны наймдугаар сарын 15-ны өдөр хотын даргад хүргүүлсэн байна. Уг саналдаа \”Т.Баясахыг Баянзүрх дүүргийн Засаг даргаар томилохыг хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжсэн” гэжээ.
Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас ирүүлсэн уг саналыг шийдвэрлэх боломжгүй болохыг наймдугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн засаг даргын тамгын газраас хариу мэдэгдсэн байдаг. Учир нь Т.Баясахыг Засаг даргаар томилохыг дэмжсэн уг хурал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.7-д заасан \”Сонгогдсон нийт төлөөлөгчдийн олонх хүрэлцэн ирснээр тухайн хурлыг хүчинтэйд тооцно” гэсэн шаардлагыг хангаагүй байна.
Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь 2 намын бүлэг оролцон, хуулийн дагуу хуралдаж, олонхоороо шийдвэрээ гаргаж,хуулийн дагуу Засаг даргаар ажиллах хүнээ томилуулахаар өргөн баривал Нийслэлийн Засаг дарга батламжлахад бэлэн гэдгээ мэдэгдсэн.
Тиймээс иргэдийн эрх ашгийг хүндэтгэж, хууль тогтоомжийн дагуу Засаг даргад нэр дэвшүүлж, томилуулах саналаа шийдвэрлэн ирүүлэхийг дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлынханд мэдэгдсэн бөгөөд иргэд \”засаг даргагүй удлаа\” хэмээн жагсаж байна.