\”Будапешт- 2017” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон Монголын Жудо бөхийн шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчид эх орондоо ирлээ. Энэхүү тэмцээнд Монголын эрэгтэй, эмэгтэй тамирчны есөн бүрэлдэхүүнтэй баг оролцож, нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэнээр амжилттайгаар оролцсон юм. Энэ үеэр МУГТ дасгалжуулагч О.Балжинням тэргүүтэй тамирчид сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Энэ үеэр МУГТ дасгалжуулагч О.Балжинням: Манай Жүдо бөхийн үндэсний шигшээ баг найман сарын 28-аас есөн сарын 3-ны хооронд Унгарын Будапешт хотод Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод ирлээ. Та бүхэн амжилтын тухай сайн мэдэж байгаа. Манай баг тамирчид нийт багийн дүнгээр 126 орноос гуравдугаар байр эзэлсэн түүхэн амжилт гаргалаа. Багш дасгалжуулагч тамирчдын гэр бүл, найз нөхөд, Жүдо бөхийн хамт олондоо бүх Монголын ард түмэндээ баярлалаа. Хамтын хүч амжилтад хүрнэ. Олон хүмүүсийн хүч хөдөлмөрийн үр дүнд ийм амжилтад хүрсэн хэмээн ярилаа.