ОХУ-ын Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн чуулган өндөрлөсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ нар Жигоро Каногийн нэрэмжит 21 хүртэлх насны залуу жудочдын олон улсын тэмцээний медалийн төлөөх барилдааныг урлаг, спортын \”Фетисов-Арена” цогцолборт үзэж сонирхлоо.
Уг тэмцээнийг Дорнын эдийн засгийн чуулганы үйл ажиллагааны хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ нарын ивээл дор есдүгээр сарын 4-8-ны өдрүүдэд зохион байгуулсан юм. Тэмцээнд Монгол Улс, ОХУ, Япон зэрэг орны залуу жудочид өрсөлдөв.
Тэмцээнийг Орос, Японы жудочдын анхны халз барилдааны 100 жилийн ойд зориулсан юм.
Тэмцээний төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ нар тэмцээний ялагчдад цом гардуулан өгөв.
Тэмцээний үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хэлсэн үгэндээ \”Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө, Эрхэм хүндэт Япон Улсын Ерөнхий сайд аа,
Бид өнөөдөр жудо бөхийн олон улсын анхны тэмцээнийг энд зохион байгуулж байна. Энэ ялдамд Владивосток хотод яг 100 жилийн тэртээ, 1917 онд Орос, Японы жудочдын анхны тэмцээн болж байсныг сануулахыг хүсч байна.
Энэ уламжлалыг бидний гайхамшигтай анд нөхөр, алдарт жудоч ноён Ямаситагийн хүчин зүтгэлээр сэргээж байгаад их баяртай байна.
Тэмцээнийг Олон улсын жудогийн холбооны дэмжлэгтэйгээр зохион байгууллаа. Иймээс энэхүү гайхамшигт спортыг хөгжүүлэхийн төлөө ихийг хийж байгаа Олон улсын жудогийн холбоо, ноён Визерт гүн талархал илэрхийлье.
Бид тэмцээнийг жил тутам зохион байгуулахын төлөө шаардлагатай бүхнийг хийх болно.
Тэмцээний бүх оролцогчид, тамирчид, мэргэжилтнүүд, жудо сонирхогчдод баяр хүргэж илүү шинэ гайхамшигтай, сэтгэлд хоногшсон барилдаан, уулзалтууд хийж байхыг хүсье” гэлээ.
President.mn