Баянгол дүүргийн Худалдааны гудамж, Ачлал
худалдааны төвийн дэргэд, хорооллынхны нэрлэдгээр \”мөөмтэй хөшөө”-ний урд
талбайд иргэд зохион байгуулалтад орж, худалдаа наймаа эрхлээд олон жил болж
байна. Түүгээр дайрч өнгөрсөн хүмүүс мэднэ л дээ. Дотуур өмд, оймс, малгай гээд
л иргэдийн ойр зуурын хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг энд худалдаалдаг байв.
Гэвч Баянгол дүүргийн шинэ Засаг дарга С.Одонтуяа
А-363 тоот захирамж гаргаж, хууль хүчний байгууллагаар хүч хэрэглэн эдгээр
иргэдийн ажлын байрыг нурааж, бараа бүтээгдэхүүнийг нь хураан авсан байна.
Энэ тухай Хариуцлага тооцох иргэдийн хөдөлгөөний
Ерөнхий зохицуулагч Б.Жагараас тодруулахад \”Арваад хоногийн өмнө БГД-ийн Засаг
дарга С.Одонтуяа захирамж гаргаж, энд худалдаа эрхэлж байсан 18 иргэний ажлын
байрыг булаан авч, хүч хэрэглэлээ. Эдгээр иргэдийн цаана 100 гаруй хүний амь
амьдрал бий. Гэвч ил задгай худалдаа эрхлэгчдийг цэгцлэх нэрээр олон хүний амь,
амьдралд хохирол учрууллаа. Бүгд л зээлтэй, хугацаа нь тулчихсан сандарч байна.
Зарим нь хугацаа хэтэрсэн гээд шүүхийн шийдвэртэй байгаа. Гэтэл эдгээр иргэдийг
бодолгүйгээр хүч хэрэглэлээ. Ил задгай худалдаа хийж буй олон газрууд бий.
Харин ч эдгээр хүмүүс зохион байгуулалтад орж, ажиллаж байсан. Гэтэл нэг өдөр
хүрч ирээд хамаг барааг нь хурааж аваад хөөж эхэлсэн байна. Ардчилсан нийгэмд
урьдчилан мэдэгдэхгүйгээр ингэж хүч хэрэглэж, албадлага хийж болдог юм уу.
Тэгээд ч С.Одонтуяа сонгуулиар жижиг дунд бизнес эрхлэгчид, худалдаа наймаа
эрхэлчдээ дэмжинэ гэж амлалт өгсөн. Гэвч амлалтынхаа эсрэг ажлаад эхэллээ”
гэсэн тайлбарыг өглөө.
Дүүргийн Мэргэжлийн хяналтын газар иргэдийн барааг
хурааж аваад 500 мянган төгрөгийн торгууль төлвөл буцааж өгнө гээд дарамталж
байгаа аж. Мөн тус Баянгол дүүргийн Засаг даргын орлогч Э.Батбилэг \”Та нар энэ асуудлаар олон
зүйл яриад явах юм бол төрийн ямар нэг үйлчилгээ болон эмнэлгийн тусламж
үзүүлэхгүй шүү” гэж дарамталсан тухай иргэд ярьж, гомдоллож байна.
Тэд нөхцөл байдал хэцүү байгааг Баянгол дүүргийн Засаг
дарга С.Одонтуяад удаа дараа мэдэгдсэн боловч, дорвитой хариулт аваагүй байна.
Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэж, А-363
тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг хотын дарга
С.Батболдод хүргүүлсэн гэлээ.