У.Хүрэлсүхийг Ерөнхий
сайдаар томилох асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ. УИХ-ын
гишүүд асуулт асууж, саналаа хэлсний дараа санал хураалт явуулахад чуулганы хуралдаанд
оролцсон гишүүдийн 100 хувь нь түүнийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ. Ингэснээр У.Хүрэлсүх
Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд боллоо. У.Хүрэлсүх Ерөнхий сайд томилогдсоныхоо дараа үг хэллээ.
Тэрбээр \”Манай Засгийн газар дээрх алдаа дутагдлыг засаж, нийгмийн шударга ёсыг сэргээнэ.
Мэргэшсэн төрийн албыг жинхэнэ утгаар нь бэхжүүлнэ.
Сахилга хариуцлагыг чангатгаж, дэг журмыг тогтооно.
Энэ цаг мөчөөс эхлэн Засгийн газрын бүх түвшинд, төрийн албаны бүх шатанд зөвхөн хууль дээдлэх зарчим, өндөр ёс суртахуун баримталж ажиллахыг би хатуу шаардана.\”Төрд зүтгэж буй хэн боловч төгс сайн мэдлэггүй ч төгөлдөр сайн ёс суртахуунтай байх ёстой\” гэсэн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн хэлсэн үгийг би энд онцлон хэлэхийг хүсч байна. Төрийн алба итгэл сэтгэл, сахилга хариуцлага, өндөр ёс суртахуун дээр оршдог юм. Эдгээрийг хийхэд мөнгө хэрэггүй. Зөвхөн улс төрийн эр зориг, сэтгэл хэрэгтэй.
Эрхэм гишүүд ээ хямарсан эдийн засагтай Монгол Улсын мөнгө хэмжээтэй, чадал хязгаартай нь үнэн. Гэхдээ төсвийн сахилга батыг сайжруулж, төрийн үргүй зардлыг багасгаж, улсын өмчийн үр ашгийг дээшлүүлэн, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар ард иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх чиглэл баримтлана.
Төрийн мөнгө гэж байдаггүй. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө. Энэ бол ард түмний хөрөнгө. Татвар төлөгчдийн мөнгийг эрх мэдэлтнүүдийн хулгайгаас хамгаалж, хуульд зааснаар зарцуулна. Ядуу иргэдтэй баян төр байхын оронд баян иргэдтэй цомхон төртэй байхыг би илүүд үзнэ\” гэв.