Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өчигдөр болж, нээлттэй хувьцаат компани болон өөрчлөн зохион байгуулагдаж буй \”Анд Энерги” ХХК-ийн нэг бүр нь 1 /нэг/ төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 78,070,758 /далан найман сая далан мянга долоон зуун тавин найман / ширхэг энгийн хувьцааг үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэлээ. Тус компани 2011 онд байгуулагдан цахилгааны угсралт, суурилуулалт, автоматжуулалтын үйл ажиллагаа явуулж байгаад 2014 онд LED гэрлийн \”Эрдэнэт лед” үйлдвэрээ ашиглалтад оруулжээ. Үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор нээлттэй хувьцаат компани болон шинэчлэгдэж, хувьцааныхаа 34 хувийг олон нийтэд арилжихаар төлөвлөсөн байна.
Хорооны хуралдаанаас, шинээр бүртгэсэн үнэт цаасны 51,526,700 /тавин нэгэн сая таван зуун хорин зургаан мянга долоон зуун / ширхэг буюу 66 хувийг \”Анд Энерги” ХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдийн эзэмшилд бүртгэж, 26,544,058 /хорин зургаан сая таван зуун дөчин дөрвөн мянга тавин найман/ ширхгийг тус бүрийн үнийг 60 /жаран / төгрөгөөр нийтэд санал болгон худалдахыг зөвшөөрөв.
Хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг \”Монголын Үнэт цаасны бирж” ХХК эрхлэн гүйцэтгэх бөгөөд энэ нь тус компанийн анхны арилжаа юм.
Тус компанид 2015 онд тусгай зөвшөөрөл олгосон бөгөөд тэрээр Монголын анхны хувийн бирж бөгөөд одоогийн байдлаар үнэт цаасны 11 гишүүн компанитай аж.\”Анд Энерги” ХК-д андеррайтерийн үйлчилгээг \”Бумбат-Алтай ҮЦК” ХХК үзүүлэх бөгөөд хувьцааны 80 ба түүнээс дээш хувийг анхдагч зах зээлд арилжаалсан тохиолдолд амжилттай болсонд тооцох аж. Зарагдаагүй үлдсэн хэсгийг худалдаж авахыг \”Бумбат-Алтай ҮЦК” ХХК-д үүрэг болгожээ.