\”Томуугийн эсрэг дархлаажуулалт”-ын ажил энэ сарын 16-наас эхлэн зохион байгуулж байсан талаар Эрүүл мэндийн яамны холбогдох албаныхан өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ жилийн томуугийн улиралд эхний ээлжийн 50,000 хүн/тун вакциныг АНУ-ын Протейн Сайнс Корпорациас хүлээн авсан бөгөөд вакциныг аймаг, сум, дүүргүүдэд түгээх аж. Харин өнөөдрөөс эхлэн НҮБ-ын Хүүхдийн сангаас захиалсан 45,000 хүн/тун вакцинаар агаарын бохирдлын индекс өндөртэй газар байрладаг нийслэлийн 42 цэцэрлэгийн 24 мянган хүүхдийг үнэ төлбөргүй дархлаажуулж байна. Мөн иргэн бүр сайн дураараа вакцин хийлгэх бол ХӨСҮТ-ийн амбулаторийн 114, 117, 110 тоот өрөөнд хийж буй юм. Улирлын томуугийн эсрэг вакцинжуулалтыг 8:30-17:00 цагийн хооронд хийж байна. Жирэмсэн эмэгтэйчүүд дүүргийн эмнэлэг, эрүүл мэндийн нэгдэл дээрээ үнэ төлбөргүй хийлгэх боломжтой аж. Энэ талаар Эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлэхдээ: \”Нийслэлд өнөөдрийн байдлаар амбулаториор 63,235 хүн үйлчлүүлсний 4.5 хувь нь Томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдсон. Энэ нь харьцангуй хэвийн үзэгдэл юм. Гэхдээ бид тайвширч болохгүй. Учир нь томуугийн дэгдэлт арванхоёрдугаар сар болон нэгдүгээр сард оргил үедээ хүрдэг юм.
Тиймээс Эрүүл мэндийн сайдын тушаалаар томуугийн эсрэг дархлаажуулалтын үйл ажиллагааг хийж эхэлүүлэн явуулж байна. Томуугийн вакциныг тариулснаас хойш 14 хоногт дархлаа тогтох бөгөөд зонхилон тохиолдож буй гурван вирүсийн эсрэг вакцин. ХӨСҮТ-д сайн дурын үнэ төлбөртэй дархлаажуулалт эхэлж байна. Энэ жил эрүүл мэндийн сайдын санаачилгаар вакцины үнийг бууруулж нэг хүн 10,000 төгрөгөөр хийлгүүлэхээр болсон.
Сайн дурын дархлаажуулалтад ямар ч иргэн хамрагдаж болно. Вакцины талаарх бүх төрлийн мэдээллийг 455388 утсаар авч болно. Энэ удаагийн дархлаажуулалтад жирэмсэн эмэгтэйчүүд, эрсдэлт бүлгийн, суурь өвчтэй иргэдийг түлхүү хамруулж байна. Зургаан сартайгаас дээш насны хүүхдийг энд хамруулах ёстой. Хоёрдугаарт, эрүүл мэндийн сайдын тушаалаар А аминдэмийг 0-5 насны 390 мянган хүүхдэд тарааж байна. А аминдэм нь дархлаа сэргээх, томуугийн вакцины үйлчилгээг уртасгах, сайжруулах үр нөлөөтэй. Гуравдугаарт, зудтай 13 аймгийн 110 суманд аминдэм, тэжээл тарааж ЭМЯ-наас иргэдээ өвчлүүлэхгүй байх тал дээр анхаарч ажиллаж байна гэв.