Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр Беларусь Улсын \”МАЗ” компанийн ерөнхий захирал Д.С.Катеринич тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Беларусийн тал Онцгой байдлын ерөнхий газарт гамшигтай тэмцэх тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах төсөл хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Энэ хүрээнд гал унтраах, аврах ажиллагаанд зориулсан 12 төрлийн 39 автомашин нийлүүлэхээр хоёр улсын холбогдох яам, агентлаг, компани урьдчилан тохиролцсон байна. Монгол, Беларусийн Засгийн газар хооронд энэ тухай хэлэлцээр байгуулснаар 10 хүртэл жилийн хугацаатай, 15 сая еврогийн хөнгөлөлттэй зээл авах боломж бүрдэх юм.
Онцгой байдлын албаны техник, тоног төхөөрөмжийг сайжруулж чадавхжуулах зайлшгүй шаардлагатайг Шадар сайд Ө.Энхтүвшин тэмдэглэлээ. Тэрээр жил гаруй хугацаанд яригдаж байгаа дээрх төслийг Монгол Улсын Ерөнхий сайдад танилцуулж, Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлнэ гэлээ.Төслийг хэрэгжүүлснээр онцгой байдлын албанд ашиглаж байгаа автомашины чанар сайжирч, энэ хэрээр аюулт үзэгдэл, гал түймрийн голомт зэрэгт түргэн шуурхай очих, иргэдийн амь насыг аварч, аж ахуйн нэгж, байгууллагын өмч хөрөнгийг хамгаалах илүү боломж бүрдэх юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.