Санхүүгийн зах зээлийн хөгжил, тогтвортой байдлыг хангах чиг үүргийнхээ хүрээнд Хороо холбогдох хууль, тогтоомжийн дагуу үнэт цаасны, даатгалын зах зээл, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагаа, санхүүгийн хэрэгслүүдийг бүртгэн баталгаажуулж, бодлогоор зохицуулдаг. Олон улсын зах зээл дээр сүүлийн үед олноор бий болж байгаа БитКойн /BitСoin/, Итериум /Ethereum/ зэрэг криптовалютуудаар төлбөр, тооцоо гүйцэтгэх, арилжаа хийх нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хуулиар зөвшөөрөгдөөгүй үйл ажиллагаа юм.
Японоос гаралтай БитКойн цахим орчинд гарч ирснээс хойш олон зуун криптовалют бий болоод байгаа ч дэлхийн улс орнууд бодлого, зохицуулалтын нэгдсэн шийдэлд хараахан хүрээгүй байгаа юм. Санхүүгийн зохицуулах хороо энэ чиглэлээрх дэлхий нийтийн хандлагыг ажиглан, эрх зүйн орчны судалгаа, тооцооллыг хийж байна.
Үүний хажуугаар криптовалют нэрээр олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж, ашиг хонжоо олох үйл ажиллагаа хийгдэж байгааг анхааруулж, ийм зүйлд хууртахаас сэрэмжлэхийг зөвлөж байна. Тухайлбал, Уанкойн /Onecoin/ үүний нэг жишээ юм. Тайланд, Герман, Унгар, Мальт, Хятад, Бельги, Энэтхэг зэрэг орнуудад Уанкойнтой холбоотой үйл ажиллагааг сэрэмжлүүлэх, хориглох, таслан зогсоохоо мэдэгдээд байна.
Эдгээрийн зэрэгцээ Санхүүгийн зохицуулах хорооны бүртгэл, тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх үйл ажиллагааг интернет, нийгмийн сүлжээ ашиглан хууль бусаар хийх явдал цөөнгүй гарч байна. Төрийн зохицуулалтад хамаараагүй, хамаарахаас зайлсхийсэн хуулийн этгээдээс гаргаж байгаа болон зуучилж байгаа бонд, даатгагдсан бонд, хувьцаа, олон нийтийн зээл, эргэлтийн хөрөнгийн санхүүжилт зэрэг зөвшөөрөлгүй хэрэгсэлд хөрөнгө оруулж, хохирол амсахаас сэргийлэхийг нийт ард иргэддээ анхааруулж байна.
Хэрэв Та өөрийн итгэл үнэмшлээр төрийн зохицуулалтгүй, зөвшөөрөгдөөгүй санхүүгийн аливаа үйл ажиллагаанд хөрөнгө, мөнгөө оруулбал энэ нь Иргэний хуулиар зохицуулагдах харилцаа тул ирээдүйд учирч болзошгүй эрсдэл, хохирлыг өөрөө бүрэн хариуцахыг Санхүүгийн зохицуулах хороо албан ёсоор мэдэгдэж байна.
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО
2017.10.26