Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.10.29.Пүрэв гараг/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хуулийн төслийг хэлэлцэж эхлэхийн өмнө Транспэрэнси Интернэшнл байгууллага Өршөөлийн хууль хэлэлцэж буйтай холбогдуулан Монгол Улсын Их Хурал, Засгийн газарт хандаж захидал ирүүлсэн талаар хуралдаан даргалагч танилцуулж, уг захидлыг гишүүдэд тараасан гэдгийг дуулгав.
Улсын Их Хурал Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг боловсруулсан талаарх Хууль зүйн байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр, Х.Тэмүүжин, Ё.Отгонбаяр, Л.Энх-Амгалан, О.Содбилэг, С.Дэмбэрэл, С.Бямбацогт нар байр сууриа илэрхийлж санал хэлсэн бол Ё.Отгонбаяр, Ж.Энхбаяр, Ц.Нямдорж, Н.Энхболд нар асуулт асуув.
Гишүүд асуулт асууж, санал хэлж дууссаны дараа Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаас гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулсан юм. Санал хураалтын явцад гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар дэмжээгүй \”Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах”, \”Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах”, \””Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх”, \”Хууль бусаар хөрөнгөжих”, \”Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” зарчмын зөрүүтэй саналуудыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжсэнгүй. Ингэснээр дээрх хэргүүд өршөөлд хамрагдахгүй болж байгаа юм. Харин байнгын хорооны хуралдаанаар дэмжээгүй \”Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх” зарчмын зөрүүтэй санал олонхийн дэмжлэг авсан тул өршөөлд хамрагдахаар болж байна.
Ингээд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 4 зүйл бүхий хуулийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд 91,2 хувийн саналаар дэмжсэнээр хууль батлагдлаа. Уг хуулийг баталсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөх юм байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.