Энэтхэг улсад толгойгоороо залгаатай төрсөн бяцхан ихрүүдийг салгах түүхэн халгалгаа амжилттай болсон тухай тус улсын эмнэлгийн ажилтнууд мэдэгджээ. Хагалгаанаас хойш дөрөв хоногийн дараа ихрүүдийн нэг нь нүдээ нээж, ийнхүү тэднийг баярлуулсан аж.
Хоёр настай Жага хүү уруулаа хөдөлгөх зэргээр хариу үйлдэл үзүүлж байжээ. Түүнийг агааржуулагч дээр байлгаж, өдөр тутам диалезийн эмчилгээ хийх шаардлагатай байгаа юм. Түүний ах Калия одоогоор ухаан ороогүй байгаа аж.Ихрүүд нь тус тусдаа судас, тархи, эд эрхтэнтэй төрсөн учраас тэднийг ийнхүү салгах боломжтой хэмээн үзэж, хагалгааг 16 цагийн турш хийжээ. Энэтхэгтээ шилдэгт тооцогддог, нийслэл Дели хотын төв эмнэлэгт ажилладаг 30 эмчтэй баг уг хагалгааг хийж гүйцэтгэсэн байна. Одоогоор хөвгүүдийн биеийн байдал хэвийн байгаа бөгөөд нэрт профессор Дипак Гуптагийн хамт хагалгааг хийсэн эмч нар ч мөн сэтгэл хангалуун байгаа аж.
Тус улсын зүүн хэсэгт оршрх Орисса мужийн нэгэн тосгонд төрсөн бяцхан ихрүүд эхээс төрөхдөө гавлын ясаараа залгаатай байсан аж. Тэдэнд хагалгаа хийхээс өмнө найдвар тун бага хэмээн эмч нар үзэж байсан юм. Учир нь гавлын ясаараа залгаатай төрдөг уг эмгэг гурван саяд нэг тохиодог бөгөөд тэдгээрийн тал хувь нь 24 цагийн дотор амьсгал хураадаг, амьд үлдэх магадлал тун бага байдаг гэнэ. Дээрх ихэр ах, дүүст энэ оны наймдугаар сарын 28-ны өдөр эхний хагалгааг хийж, эмч нар цусны эргэлтийг тархинаас зүрхэнд хүргэдэг гол судыг салгах ажилбарыг хийсэн байна.
Б.Болормаа