Мөнгө хүүлэх гэдэг ашигтай бизнест банк санхүүгийнхэн болон улс төрчид холбогдоод удаж байна. Хүнд мөнгө зээлж байгаа бол хүүтэй зээлэх нь зөв л дөө. Гэвч Хэтэрхий өндөр хүү тавьж, түүгээрээ мөнгө хүүлж байгаа нь энэ шударга бус бизнесийг цэгцлэх цаг болсон гэдгийг Монголын санхүүгийн байгууллагынхан хэлэх болсон. Тэгвэл мөнгө хүүлэлтийн эсрэг гэгдэх захиалгын хууль тун удахгүй УИХ-д өргөн баригдах гэж байна.
Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр өөрийн цахим хуудаснаа \”Монгол Улсад мөнгө хүүлэх, хүүгийн дээд хэмжээ 20 хувиас хэтрэхгүй байх хуулийг санаачлан ажиллах болно. Ингэснээр ард иргэд бизнес хийж орлогоо нэмэгдүүлэхэд илүү таатай нөхцөл үүсч, банкны жилийн хүү нэг оронтой тоо руу орох боломжтой\” гэж мэдээлжээ. Зээлийн хүү буурвал олон давуу тал бий болох нь ойлгомжтой. УИХ болоод зарим улс төрч ипотекээс эхлээд зээлийн хүүг бууруулах арга хэмжээ авах ёстой гэж мэдэгдээд эхэллээ. Ингэснээр чанаргүй зээлэгчдийн тоо буурч, эдийн засгийн хувьд таатай уур амьсгал үүснэ гэж үзсэн бололтой.