Өнгөрөгч Пүрэв гаригт АНУ-ын
ерөнхийлөгч Дональд Трампын твиттер хаяг хэсэг хугацаанд ажиллахгүй, сандаргаж
орхижээ. Гэхдээ удалгүй хэвийн байдалдаа орсон аж. Түүний @realdonaldtrump хаяг нь Твиттер компанийн
нэгэн ажилтны үйлдлээр ийнхүү хэсэг саатжээ. Учир нь тэрхүү ажилтны ажлын
сүүлийн өдөр байсан гэнэ. Трампын тус хаяг 11 минутын турш ажиллахгүй байсан нь
олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж, компанийн зүгээс ч нарийн шалгалт хийхээ
амласан байна.
41.7 сая дагагчтай твиттерийн
хэрэглэгч ноён Трампын зүгээс энэ талаар ямар нэгэн зүйл хэлээгүй байгаа юм.
Пүрэв гаригийн орой хэсэгхэн хугацаанд Трампын хаяг руу хэрэглэгчид орж
болохгүй байсан бөгөөд \”Sorry,
that page doesn’t exist”
гэсэн бичиг гарч байжээ.
Харин твиттер хаяг эргэн хэвийн
ажиллаж эхлэхэд ноён Трамп Бүгд найрамдах намын татвар бууруулах төлөвлөгөөний
талаар жиргэсэн байна. Харин АНУ-ын ерөнхийлөгчийн албан ёсны хаяг болох @POTUS нь хэвийн байсан
аж. \”Твиттер” компаниас дээрх асуудлыг
нарийвчлан шалгаж буйгаа мэдэгдээд дахин ийм алдаа гаргахаас сэргийлж,
сэрэмжтэй ажиллахаа илэрхийлжээ.
Ноён Трамп 2009 оноос жиргэж эхэлсэн
байна. Тэрээр 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхдөө өөрийн бодлого болоод
үзэл бодлыг илэрхийлэхдээ, мөн улс төрийн өрсөлдөгчид рүүгээ \”довтлохдоо” олон
нийтийн сүлжээг маш идэвхтэй ашигласан юм.
Б.Болормаа