Аравхан настай бяцхан зээ дүүгээ
хүчирхийлсэн хоёр эрийг шүүх хурал Энэтхэг улсад болж, тэдэнд бүх насаараа
шоронд хоригдох ял оноосон байна. Охин өнгөрөгч наймдугаар сард амаржиж, охин төрүүлсэн
аж.
Хэргийн үйлдсэн хоёр эр хохирогч
охины авга ах нар байсан юм. Өнгөрөгч долдугаар сард охины гэдэс өвдөж,
эмнэлэгт хүргэгдсэнээр жирэмсэн гэдэг нь ил болжээ. Дөнгөж төрсөн нярайн ДНК-д
шинжилгээ хийх үеэр эхний сэжигтнээс гадна хоёрдогч хүчирхийлэгчийн үйлдэл
илчлэгдсэн байна. Ах дүү хоёр хэрэгтний нэгнийх нь шүүх хурал нэг сар, нөгөөх
нь 18 хоногийн турш үргэлжилжээ.
Бяцхан охин ийнхүү хүчингийн хэргийн
хохирогч болж, хүүхэд төрүүлсэн хэрэг Энэтхэгт төдийгүй дэлхий даяар шуугиан
дэгдээгээд байгаа юм. Чандигархын шүүхээс үр хөндөлт хийхийг хориглосон тул
охин 30 долоо хоногтой жирэмсэн байхдаа амаржээ. Гэвч эх, үр хоёрыг эсэн мэнд
амаржуулах явц маш өндөр эрсдэлтай байсныг эмч нарын зөвлөлөөс хэлсэн байна. Энэтхэг
улсад 20 долоо хоногоос дээших хугацаатай жирэмсэн эхэд үр хөндөлт хийхийг
хуулиар хориглодог аж.
Хохирогч охин болоод хүүхдийн эрхийн
байгууллагынхан дээрх хүчингийн хэрэг нэг удаа бус, олон сарын хугацаанд олон
давтамжайгаар үйлдэгдсэнийг хэлсэн бөгөөд нотлох баримт ч хангалттай байгаа
гэнэ. Сүүлийн саруудад Энэтхэгт хүчингийн
хэрэгт өртөж бие давхар болсон хүүхдүүдийн хэрэг их ирэх болж, тэдэнд үр
хөндөлт хийлгэх зөвшөөрөл гуйсан хүсэлт эрс нэмэгдсэн гэж Энэтхэгийн шүүх
байгууллагууд мэдэгджээ.
Б.Болормаа