Нийслэл хотын суурьшил тэлэхийн хирээр зэрлэг амьтдын тархац нутаг хязгаарлагдаж идэш тэжээл хайсан амьтад хотод орж ирэх явдал цөөнгүй гарах болсон. Мөн иргэдийн мэдээллээр гэмтэж, бэртсэн амьтдыг хамгаалах, тэжээн тэнхрүүлэх явдал нэмэгдэж байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Байгаль орчны газар, Монголын мэргэжлийн анчдын холбоо хамтран амьтан хамгаалах байгууллагуудын санхүүгийн дэмжлэгтэйгээр төсвийн бус эх үүсвэрээр \”Зэрлэг амьтан асрах төв\”-ийг байгууллаа. Салаа туурайтан, махан идэштэн, шувууны байруудаас гадна эмчийн ажлын байрыг ашиглалтад оруулснаар амьтан хамгаалах ажилд томоохон дэвшил гарч байгаа юм.
2017 онд нийслэл хотын суурьшлын бүсээс тарвага шилжүүлэн нутагшуулах, салаа туурайтан амьтдад хужир мараа, өвс тэжээл тавьж өгөх, гэмтэж бэртсэн гөрөөс, чоно, аргаль зэрэг амьтад, бүргэд, шонхор шувуудыг асарч тэнхрүүлэн байгальд нь буцаан тавих ажлыг хийгээд байна. Амьтны тухай хуульд заасны дагуу аймаг, нийслэлийн Засаг дарга нь нутаг дэвсгэртээ амьтан хамгаалах, биотехникийн арга хэмжээ авах, сэргээн нутагшуулах үүргийг хүлээдэг гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.