Өнгөрөгч Ням гаригт сүмийн мөргөлийн
үеэр зэвсэгтэй этгээд гал нээсний улмаас 26 хүн амиа алдсан харамсалтай явдал
тохиолоо. Халдлага Техас мужийн Вилсоны тойрогт хамаарах Сутерлэнд Спрингст дэх
Тэргүүн Баптист сүмд болжээ. Хэрэгтэн орон нутгийн цагаар 11:30 минутын орчимд
сүмд орж, тийнхүү гал нээж эхэлсэн аж. Түүнийг зугтахаас нь өмнө нутгийн иргэн
амжиж буудсанаар хэрэгтэн амиа алдсан байна.
Мужийн захирагч Грег Аббот
мэдэгдэхдээ, \”Техас мужийн түүхэнд байгаагүй олон хүний амийг авч одсон
халдлага гарлаа. Энэ эмнэнэлт явдалд амиа алдсан хүмүүсийн төлөө бид эмгэнэн
гашуудаж, залбирах болно” хэмээн ярьжээ.
Техасын Олон нийтийн аюулгүй байдлын
газрын дарга Фриман Мартины мэдэгдсэнээр хэргийн хохирогчид таваас 72 насны
хүмүүс байсан аж. Тэднээс гадна 20 гаруй хүн шархдаж эмнэлэгт хүргэгдсэн байна.
Харин хэрэгтэн нь хар хувцас болон сум нэвтэрдэггүй хантааз өмссөн 20 орчим
насны цагаан арьст эрэгтэй байсан гэнэ. Тэрээр винтов буугаар зэвсэглэсэн
байжээ.
Хэрэгтэн сүм рүү орохоосоо өмнө гал
нээж эхэлсэн бөгөөд энэ үеэр нутгийн иргэн бууг нь булаан авч машинтайгаа
зугтахаас нь өмнө амжиж буудсанаар халдлагыг зогсоосон байна. Гэвч хэрэгтэн
эцсийн мөчид өөрийгөө буудсан, эсвэл дээрх иргэний буудсан суманд өртөж амиа
алдсан эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Албан бус мэдээллээр, хэрэгтнийг 26
настай Дэвид П Келли гэх залуу байсан хэмээн мэдээлж байгаа аж.
Б.Болормаа