УИХ-аас баталсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу 2018 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн орлогын түвшингээс нь хамааруулж, цалинд шатлалаар 10, 15, 20, 25 хувиар татвар ногдуулахаар болоод байна. Тодруулбал, сарын 1.5 сая төгрөгийн орлогод 10 хувь, 1.5 сая төгрөгөөс 2.5 сая төгрөгийн орлогод 15 хувь, 2.5 сая төгрөгөөс 3.5 сая төгрөгийн цалинд 20 хувь, 3.5 сая төгрөгөөс дээш орлогод 25 хувийн татвар тус бүр ногдуулах юм.
Мөн хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийг 2018 оны нэгдүгээр сарын 1-ээс 120 мянга, 2019 оноос 160 мянга, 2020 оноос 200 мянга, 2021 оноос 240 мянган төгрөг болгон, үе шаттай өсгөхөөр болсон. Иймээс ирэх оноос бага цалин авдаг иргэдийн татварын ачаалал буурах бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалин авч байгаа иргэд хувь хүний орлогын албан татвар төлөхгүй болохоор хуульд тусгажээ.