Сонгууль дөхөхөөр
сайн ч гэмээр, саар ч гэмээр зүйлүүдийг нэр дэвшигчид амалж, басхүү зарим нь амлалтаа биелүүлдэг. Тэгвэл ирэх оны
их хурлын сонгуульд нэр дэвшихээр \”Сонор” группийн ерөнхий захирал Б.Энхболд төрөлх
Завхан аймагтаа Монголд анх удаа дунд сургуулийн сурагчийг автомашинаар
шагнахаар болжээ. Ингэхдээ Завхан аймгийнхаа дунд сургуулиудын сурагчдыг
оролцуулсан нэг үгээр хэлбэл аймгийн хэмжээний математик, англи хэлний олимпиад
зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд түрүүлсэн хүүхдийг автомашин, алтан
медаль, сертификатаар шагнаж, хоёрт орсон хүүхдэд 3 сая төгрөг мөнгөн медаль,
сертификат, гуравдугаар байрыг 2 сая төгрөг, хүрэл медаль, сертификат олгож тусгай байр
буюу дөрөвдүгээр байрыг 1 сая төгрөгөөр шагнаж сертификат олгох аж. Мөн
сурагчдаа амжилтад хүргэсэн англи хэл, математикийн багш нараас тус бүр гурван
шилдэг багшийг тодруулж нэгдүгээр байрыг 1 сая төгрөг, диплом, хоёрдугаар
байрыг 500 мянган төгрөг, диплом, гуравдугаар байрыг 400 мянган төгрөг, диплом
олгох аж. Өөрөөр хэлбэл, математикийн гурав, англи хэлний гурав нийтдээ зургаан
багш шагнуулах аж. Энэ олимпиад 11 сарын
11-нд Завханы аймгийн Тосонцэнгэл сумын 3 дугаар сургуульд болох юм байна. Ямартай
ч, эдийн засгийн энэ хүнд үед сая, сая төгрөг цаашлаад автомашины төлөө Завханы
хүүхдүүд өдөр шөнөгүй бэлдэж, тэднийг бэлдүүлж буй багш, эцэг эхчүүд нь сонгууль
дөхөхөөр сайхан юм даа, тэр машиныг нь авчих юмсан гэж ярилцах болжээ.