Улаанбаатар-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн босоо тэнхлэгийн дагуух авто замын уулзварт орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийсэн Замын цагдаагийн байнгын хяналтын цэгийг энэ сарын 4-нд ашиглалтад орлоо.
Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг, ЗДТГ-ын дарга Б.Ганзориг, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатар болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Хяналтын цэг ашиглалтад орсноор орон нутгийн замд гарч буй зам тээврийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, бууруулах, замын хөдөлгөөнд оролцогчдын хариуцлагыг дээшлүүлэх, хяналт шалгалтыг сайжруулах чухал ач холбогдолтой юм.
Тус хяналтын цэгт Замын цагдаагийн алба хаагчдаас гадна Цагдаагийн газрын мөрдөгч, хэв журмын алба хаагчид, авто тээврийн төвийн ажилтнууд хамтран 24 цагаар хяналт тавьж ажиллана.
Мөн \”Монгол зүрх сэтгэл ХХК”-иас нийгмийн хариуцлагын хүрээнд Замын цагдаагийн байнгын хяналтын цэгийн дотоод тохижилтод зориулан 10 сая төгрөгийн үнэ бүхий зүйлээр дэмжлэг үзүүлж, батламж хадгалуулав.
Түүнчлэн 2018 онд Эрдэнэ сумын гурван замын уулзварт замын цагдаагийн хяналтын цэгийг барьж, ашиглалтад оруулах юм.