Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын дөрөв дэх удаагийн хурал өчигдөр болж өндөрлөлөө.
Хуралдааны эхэнд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга, тус комиссын дарга Д.Ганбат Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсан талаар комиссын гишүүдэд мэдээлэл өгсөн юм.
Хуулийн хэрэгжилтийг цаг алдалгүй шуурхай зохион байгуулахад комиссын гишүүд анхаарч, өөрсдийн байгууллагын чиг үүргийн дагуу холбогдох баримт материал, тооцоо судалгааг яаралтай бүрдүүлж ирэх долоо хоногт бэлэн болгохоор боллоо.
Мөн Өршөөлийн хуулийн дагуу хорихоос суллагдаж байгаа орон гэргүй хүмүүст Засгийн газрын 185 дугаар тогтоолын дагуу нэг удаагийн тусламж үзүүлэх, түүнчлэн суллагдсан иргэдийг ажлын байраар хангах асуудлыг холбогдох яамдад тавьж шийдвэрлүүлэх юм байна.