Европын парламентаас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хөрөгтэй дугтуй, марк хэвлүүлсэн байна. Тус парламентын хүндэт индрээс үг хэлсэн дэлхийн улс орнуудын төр, засгийн тэргүүнүүдийн хөрөгтэй дугтуй, марк хэвлүүлдэг нь Европын парламентад уламжлал болсон зүйл аж. Энэ дагуу ийнхүү манай улсын төрийн тэргүүний зурагтай марк хэвлүүлсэн байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ оны зургадугаар сарын 8-10-нд Европын парламентад айлчлан тухайн сарынхаа 9-ний өдөр үг хэлсэн билээ. Уг үйл явдалд зориулан гаргасан дугтуй, марк нь шуудангийн бусад дугтуй, маркийн адил үнэт цаас бөгөөд захидал харилцаа, шуудан холбоонд ашиглах боломжтой юм байна.