Олон нийтийн сүлжээгээр идэвхтэй
өрнөөд буй #MeToo кампанит
ажлын хүрээнд Холливүүдэд бэлгийн дарамт болон бэлгийн хүчирхийллийн эсрэг жагсаал
зохион байгуулагдлаа. Холливүүдийн ертөнцөд алдартай кино продьюсер Харви
Вейнштейний бусдад бэлгийн дарамт үзүүлж байсан хэргүүд сөхөгдсөний дараа нууцалж
дарагдсан энэ төрлийн хэргүүд ар араасаа олон нийтэд дэлгэгдэж эхэлсэн билээ.
Жагсагчид Холливүүдийн Бьюлвардаас
жагсаалаа эхэлж, CNN-ийн төв
байр хүртэл гудамжаар алхсан байна. Жагсаалд зөвхөн эмэгтэйчүүд бус эрэгтэйчүүд
ч олноороо оролцсон юм. 21 настай Тара МакНамарра Ройтерс
агентлагт өгсөн ярилцлага даа \”Олон жилийн туршид дарагдаж нууцлагдсан эдгээр хүчирхийллийн
эсрэг хэргүүдийг нухацтай авч үзэх шаардлагатай байна. Би амьдралынхаа
туршид хэд хэдэн удаа хүчирхийлэлд өртсөн. Энэ нь миний амьдралд бүх талаараа
сөрөг нөлөө үзүүлсээр байна” хэмээжээ.
Хүчирхийллийн эсрэг #MeToo хаштагийг анх
олон нийтийн сүлжээний идэвхтэй хэрэглэгч Тарана Бёрк болон Вейнштейний эсрэг
мэдэгдэл хийсэн жүжигчин Алисса Милано нар эхлүүлсэн юм. Өнгөрөгч ням гаригт болсон уг
жагсаалыг зохион байгуулж ажилласан хатагтай Бёрк \”Яг Харви Вейнштейн шиг
хүчирхийлэл үйлдэж буй олон зуун эрчүүд бий. Тэгэхээр хохирогчдыг нэгтгэж, #MeToo хаштаг бүхий
хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо хүчтэй болгож тэмцэх хэрэгтэй байна” хэмээн
ярьжээ.
Түүнчлэн сүүлийн хэдэн долоо
хоногийн туршид бэлгийн хүчирхийлэл, дарамт үзүүлсэн хэрэгт холбогдсон алдартнуудын
нэрс нэмж тодорсоор, жүжигчийн Кэвин Спэйси болон инээдмийн жүжигчин Луйс Си
Кэй нарын хэрэг ил болсон билээ.