Цөмийн энергийн
комиссын хуралдаан өнөөдөр болж \”Суурин
болон зөөврийн хэмжүүр ашиглахад мөрдөх цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм”,
\”Цооногийн каротажийн судалгаанд цацраг идэвхт битүү үүсгүүр ашиглахад мөрдөх
аюулгүйн дүрэм”-ийн төслийг хэлэлцэн баталлаа.
Суурин цөмийн
хэмжүүр ашиглахтай холбоотой дүрэм нь цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааг
хангах, тунгийн зөвшөөрөгдөх хязгаарыг хэтрүүлэхгүй байх, тунгийн хэмжээг
хамгийн доод түвшинд байлгах зорилготой юм.
Харин зөөврийнх
нь автозам, барилгын салбарт зөөврийн цөмийн хэмжүүр ашигладаг байгууллагуудад
цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангуулж, ажилчдыг нь үндэслэлгүй
шарлагад өртүүлэхгүй байх, цацрагийн болзошгүй осол, хэвийн бус нөхцөл, байдал
үүсэхээс сэргийлэх зорилго агуулжээ.
Цооногийн
каротажийн судалгаанд цацраг идэвхт битүү үүсгүүр ашиглахтай холбоотой дүрмийг
баталснаар багажны хэрэглээнээс үүдэлтэй цацрагийн тунгийн хэмжээг аль болох
бага хэмжээнд байлгах, ажиллагсдын цацрагийн шарлагын тунг стандартад заасан
хязгаараас хэтрүүлэхгүй байх хамгаалалтын тусгай шаардлагуудыг тогтоолоо.
Дүрмүүдийн
биелэлтийг хангуулж ажиллахыг геологи, уул уурхай, хүнд, хөнгөн үйлдвэр, зам,
барилга болон хяналт шалгалт хариуцсан байгууллагуудад Цөмийн энергийн комиссын
хурлаас үүрэг болголоо.
Сүүлийн жилүүдэд
эрүүл мэнд, судалгаа, шинжилгээ, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, уул уурхайн салбарт
ашиглаж байгаа цацрагийн үүсгүүрийн нэр төрөл, загвар, тоо хэмжээ нэмэгдэхийн
хэрээр цацрагтай харьцдаг ажиллагсдын тоо гурав дахин өссөн судалгаа гарчээ.
Мөн хуралдаанаар
Цөмийн энергийн комисс, ОХУ-ын \”РосАтом” хооронд \”Цөмийн шинжлэх ухаан,
технологийн төв” байгуулах чиглэлээр хамтран ажиллах тухай Санамж бичиг
байгуулахыг зөвшөөрөв.
Төв байгуулснаар
цөмийн суурь болон хавсарга судалгаа хийх, эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, мал
аж ахуй, газар тариалан, уул уурхай, аж үйлдвэрийн салбарт өндөр технологи
нэвтрүүлж дотоодын үйлдвэрлэл, эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх юм.
Мөн уул уурхайн
түүхий эд боловсруулах, чанар, агуулгыг нь өндөр нарийвчлалтай тогтоох,
татварын орлогыг нэмэгдүүлэх, малын халдварт өвчний эсрэг вакцин үйлдвэрлэх, үр
тарианы гарц нэмэгдүүлэх, байгаль орчныг хамгаалах, хяналтын тогтолцоог
бэхжүүлэхэд шаардлагатай судалгаа шинжилгээ хийх, боловсон хүчин сургаж бэлтгэхэд
чухал нэмэр болно гэж Цөмийн энергийн комисс үзлээ гэж Засгийн газрын Хэвлэл
мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.