\”Мехико-1968” олимпийн наадмын мөнгө, 1967 оны ДАШТ-ий анхны хүрэл медальт, 1973 оны Азийн аварга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, үндэсний бөхийн даяар дуурсагдах далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбат 1967 оны арваннэгдүгээр сарын 14-ний энэ өдөр буюу одоогоос 50 жилийн өмнө нь Энэтхэгийн Шинэ Дели хотод болсон насанд хүрэгчдийн ДАШТ-д Монголын чөлөөт бөхийн тамирчдаас анхны хүрэл медаль хүртсэн түүхэн өдөр юм.
Хагас зууны тэртээ Шинэ Делид 87 кг-ын жинд барилдсан Ж.Мөнхбат чөлөөт бөх төдийгүй монголын спортын түүхэнд ДАШТ-ээс анхны медалийг эх орондоо авчирсан билээ. Түүний жинд ЗХУ-ын Борис Гуревич алт, Румыний Бола Францис мөнгөн медаль хүртэж байв. Делигийн дэвжээнд Ж.Мөнхбат хүрэл, Б.Сүхбаатар, Б.Намжим нар тав, Ө.Эрдэнэ-Очир шагналт зургадугаар байрыг эзэлж, манай улс таван оноотой багийн дүнгээр наймдугаар байрт орж байсан түүхтэй.
\”Үнээ саалгадаггүй хоёр Мөнх”-ийн нэг алдарт Мөөеө аваргын анхны хүрэл медаль булган сүүлтэй байж, Монголын чөлөөт бөхийн тамирчид 50 жилийн хугацаанд насанд хүрэгчдийн ДАШТ-ээс долоон алт, 20 мөнгө, 30 хүрэл, нийт 57 медаль хүртээд байна.