Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2017 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний тодотголын төслийн тухай асуудлыг өнөөдөр нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцэж, НИТХ-д өргөн барихаар боллоо. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны \”Нийслэлийн 2017 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 10/13 дугаар тогтоолоор нийслэлийн төсвийн хөрөнгөөр энэ онд 162 тэрбум 42.5 сая төгрөгийн, нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр 35 тэрбум 808.4 сая төгрөгийн, нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 8 тэрбум 371 сая төгрөгийн нийт 219 тэрбум 510.6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталсан.
Нийслэлийн 2017 оны төсвийн орлогын хүлээгдэж буй гүйцэтгэлээр нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэр 6 тэрбум 337.5, нийслэлийн Замын сангийн төлөвлөсөн орлого 2 тэрбум 685.5 сая төгрөгөөр тасрахаар байгаа тул нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явц, барилга угсралтын ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн байдалд үндэслэн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд зарим зохицуулалтыг хийхээр төлөвлөсөн байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.