Төв цэвэрлэх байгууламжийг
шинээр барих асуудлыг судлах ажлын хэсгийг
Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан ахалж байгаа билээ. Ажлын
хэсгийн саналыг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар
хэлэлцээд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр Төв цэвэрлэх байгууламжийн шинэ
барилгын ажлыг ирэх оны хоёрдугаар улиралд эхлүүлэхээр шийдвэрлэлээ. Ингэснээр Улаанбаатар
хотод амьдарч байгаа сая гаруй хүний ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдэж,
хүрээлэн буй орчны бохирдол буурна гэж Засгийн газар үзлээ.
Одоогийн
Төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан лагийг зайлуулах, үнэргүйжүүлэх,
байгаль орчинд үзүүлэх хор нөлөөг арилгах, тоног төхөөрөмж, барилгын байдалд
мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, цаашид хэрхэх талаар судлах зэргийг
холбогдох сайд нар болон Нийслэлийн Засаг даргад даалгав. Одоогийн байдлаар 225 үйлдвэр, аж ахуйн газар зөвшөөрөгдөх
хэмжээнээс 2.8-4.1 дахин их химийн бохирдолттой усыг цэвэрлэх байгууламжид
нийлүүлж байна. Байгууламжийн цэвэрлэсэн ус зөвшөөрөгдөх хэмжээнээс 5.9-12.4
дахин их байгаа нь хотын ундны усны эх үүсвэр болох Туул голыг их хэмжээгээр
бохирдуулж байгаа юм.