Нийслэлийн Газрын албанаас иргэдэд оршин суугаа газраа өмчлөхөд дэмжлэг үзүүлэх зорилготой гурван сарын аяныг есдүгээр сараас эхлүүлээд буй. Аяны хүрээнд нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэдэд оршин суугаа газраа өмчлөхөд дэмжлэг үзүүлж, газар өмчлөх эрхийг нь газар дээр өгч байгаа ажил Хан-Уул дүүрэгт үргэлжилж байна.Нийслэлийн газрын албаны ажлын хэсгийнхэн иргэдийн газар эзэмших гэрчилгээний хугацаа нь дууссан бол сунгах хүсэлтийг нь дүүрэгт өгч, тэндээс газрыг нь өмчлүүлэх гэрчилгээ болгон эргүүлэн олгох ажлыг хийж байгаа. Иргэдийн хувьд Газрын тухай хууль болон газар өмчлөлийн талаарх мэдлэг муу байгаагаас үүдэн газрын талаарх олон асуудал гардаг байна. Өмнө нь \”Гэр бүлийн хэрэгцээний газар” гэдэг ойлголт байсан бол 2008 оноос \”Монгол Улсын иргэн бүр газар өмчлөх эрхтэй” гэсэн хуулийн заалттай болсон. Тиймээс газар өмчлөлтэй холбоотой уг асуудлыг шийдвэрлэхдээ эхлээд хамтран өмчлөгчийг хасуулаад хасагдсан хүмүүсийн газар өмчлөх эрхийг нээж өгч байгаа юм. Мөн гадаад явсан хүмүүс маш их байгаа нь аяны ажилд нэлээдгүй саад учраад байгаа аж. Түүнчлэн газар эзэмшлийн гэрчилгээгээ хаячихсан, газар эзэмших эрхийн гэрчилгээгээ сунгаагүй, газраа худалдаж авахдаа нотариатаар баталгаажуулаагүй зөрчлүүд их илэрч байна. Гэтэл нөгөө газар зарсан хүнээ олохоо больчихсон. Газрын алба, Улсын бүртгэлийн ерөнхий газарт очоод Газрын гэрчилгээгээ авах гэхээр нотариатаар баталгаажуулсан гэрээгүй тул зарсан хүнээ олохоос өөр ямар ч боломжгүй нөхцөлд орсон иргэд ч мөн байна.