Перу улсын ерөнхийлөгч Педро Пабло Кучински
ямар нэгэн кампанит ажлын хандив болон Бразилийн \”Odebrecht” барилгын компаниас
авлига аваагүй хэмээн мэдэгджээ. Тус улсын үндэсний телевизээр дамжуулсан
мэдэгдэлдээ тэрээр мөн 10 гаруй жилийн өмнө тус компанийн зөвлөхөөр ажиллаж
байгаагүй гэдгээ илэрхийлсэн байна.
Ноён Кучинскиг ийнхүү хууль бус
үйлдэл хийсэн гэх мэдэгдлийг \”Odebrecht” компанийн ерөнхийлөгч асан Марсело
Одебрехт зарлаад байсан юм. Тус компани нь Латин Америкийн хэд хэдэн оронд авлигын
хэрэгт холбогдон шалгуулж байгаа аж.
Бразилд 19 жил шоронд хоригдох ял
аваад буй Марсело Одебрехт нь ял шийтгэлээ хөнгөлүүлэхийн тулд олон улсын
авлигын эсрэг гол мөрдөн шалгалтуудад мэдээлэл өгч, хамтран ажиллахаар хүлээн
зөвшөөрчээ. Тэрээр 10 гаруй жилийн өмнө Перуд одоогийн ерөнхийлөгчийг Сангийн
сайдаас огцорсных нь дараа зөвлөхөөр авч ажиллуулж байснаа мэдэгдсэн юм.
Түүнчлэн барилгын компани нь олон жилийн турш Перугийн өндөр албан
тушаалтнуудад 29 сая ам.долларын авлига өгч байснаа дэлгэжээ.
Гэвч Перугийн ерөнхийлөгч тэрхүү
мэдэгдлийг няцааж, авлигын хэрэгт холбогдоогүй хэмээн мэдэгдсэн байна. Тэрээр \”Би
өөрийн нэр дэвшсэн сонгуулийн хоёр кампанит ажилдаа энэ компаниас ямар ч
дэмжлэг аваагүй. Бид бүгдээрээ авлигатай тэмцэх нь маш чухал. Миний зүгээс
тэрхүү тэмцлийг бүрэн хүлээн зөвшөөрдөг” гэжээ. Перу нь \”Odebrecht” компанийн
авлигын сүлжээнд холбогдсон олон орнуудын нэг болоод байгаа аж. Компанийн
зүгээс Латин Америкт өндөр ашиг, орлоготой гэрээ хэлэлцээрүүд хийхийн тулд их
хэмжээний авлига хээл хахууль өгдөг байснаа хүлээн зөвшөөрөөд байгаа юм.
Б.Болормаа