\”Аятайхан байхгүй бол орон дотор чинь хүнээр хорлуулж алж чадна шүү\” гэх үгийг ТЕГ-ын дарга асан Б.Хурц УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын өрөөнд УИХ-ын гишүүн Ж.Батзанданд хандан хэлжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан Улсын Их Хурлын дарга М.Энхболд болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга О.Содбилэг, Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарт хандан бичсэн албан бичигтээ дурдсан байна. Тэрээр Б.Хурцын дээрх үгний дараа өөрийн болон гэр бүлийнхээ гишүүдийн эрүүл мэнд, амь насыг төрийн хамгаалалтад авахыг хүсчээ.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар БНСУ-д суух Элчин сайдыг томилох саналыг УИХ-аар хэлэлцэхээс өмнө \”томилгооны сонсгол\” хийхээр шийдвэрлэж, ажлын хэсэг байгуулсан ч өнөөдөр сонсголыг хүлээлгүйгээр уг асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр оруулж ирсэн ч Т.Аюурсайхан, Ц.Нямдорж, Л.Болд, Ж.Батзандан нарын гишүүд хэлэлцэх асуудлаас хасуулж, хойшлуулсан бөгөөд үүний дараа дээрх явдал болжээ.