Нидерландын Гааг хотноо болж буй жүдо бөхийн \”The Hague Grand Prix 2017, Netherlands” тэмцээний хоёр дахь өдөр Монголын баг тамирчдаас эрэгтэйчүүдийн 73 кг-д хүч үзсэн ОУХМ Н.Хадбаатар аваргын алтан медалийн эзэн болов. Тэрбээр Испани, Иран, Германы жүдочдыг ялж, \”С” хэсгийн аварга болж, улмаар Нидерландын Ван Вестенде Сам, АНЭУ-ын Виктор Сквортовыг тус тус ялснаар жиндээ тэргүүллээ.
Энэ жинд барилдсан ОУХМ Ц.Цогтбаатар Н.Хадбаатарын ялсан АНЭУ-ын В.Сквортовд ялагдсан ч Канад, Недарландын бөхчүүдийг дараалан ялж, хүрэл медаль хүртлээ. Мөн эмэгтэйчүүдийн 63 кг-д хүчээ сорьсон ОУХМ Ц.Цэрэннадмид шагналт VII байрт шалгарсан байна. Ийнхүү энэ өдөр манай 3 бөх барилдаж нэг алт, нэг хүрэл медаль хүртэж, манай жүдочид нийтдээ 2 алт, 4 хүрэл медальтай багаараа зохион байгуулагч орон Нидерландын дараа хоёрдугаар байр эзэлж байна. Гаагийн Гран при-д 41 орны 231 жүдоч оролцож байгаагаас 16 орны тамирчид ямар нэгэн медаль хүртжээ.Тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр манай улсаас эрэгтэйчүүдийн 90 кг-д ОУХМ Э.Мөнхжаргал барилдана.