Чөлөөт бөхийн ДАШТ энэ сарын 23-26-ны өдрүүдэд Польшийн Быдгощ
хотод болно. Анхны дэлхийн аваргад манай улс эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа
оролцох бөгөөд Монголын багийн түрүүч буюу эмэгтэй тамирчид маань өнөө өглөө
Польш улсыг зорилоо.
Нэг сарын өмнө Сэлэнгэ аймагт болсон олимп, ДАШТ-ий хүрэл
медальт, алдарт бөх Дугарсүрэнгийн Оюунболд агсны нэрэмжит тэмцээний жин тус
бүрийн аваргууд Быдгощыг зодоглох эрх авсан билээ. Тодруулбал, эмэгтэйчүүдийн
48 кг-д спортын мастер Б.Чимгээ, 53 кг-д ОУХМ Г.Отгонжаргал, 55 кг-д спортын
мастер Б.Болортуяа, 58 кг-д ОУХМ А.Батцэцэг, 60 кг-д ОУХМ Э.Гантуяа, 63 кг-д
спортын мастер Х.Болортуяа, 69 кг-д спортын мастер М.Хишигмаа, 75 кг-д спортын
мастер П.Номин-Эрдэнэ нар Польшийн дэвжээнд зодоглоно. Эмэгтэйчүүдийн 55, 58,
63, 75 кг 23-нд, 48, 53, 60, 69 кг-ын жингийн барилдаан 24-нд болно.