МАН-ын
28 дугаар Их хурал эхэллээ. Энэ бол эрх баригч намын хувьд чухал хурал юм. Анх
удаагаа 1309 төлөөлөгч оролцож байгаа гэдгээрээ онцлог хурал болж байна гэж
зохион байгуулагчид онцолж байгаа. Мөн МАН-ын анх удаагаа маш олон фракц
бүлэглэлийн ширүүн тэмцэлтэйгээр их хурлаа хийж байна.
Өнөөдөр
\”Тусгаар тогтнолын ордон”-д хуран чуулсан 1309 төлөөлөгч МАН-ыг ирэх жилүүдэд
хэн удирдан жолоодох вэ гэдгийг шийднэ. Үнэндээ нам доторх бүлэглэлүүдийн таарамжгүй
байдлаас үүдэн \”боломжийн ажиллаж байгаа” гэж дүгнүүлж байсан Ж.Эрдэнэбатын
Засгийн газар унахад хүрсэн. Тэгэхээр 28
дугаар их хурлаас гарсан шийдвэр, төлөөлөгчдийн саналын авсан шинэ дарга МАН-ыг
цаашид эв түнжинтэй байлгах асуудалд голлон анхаарлаа хандуулна гэж итгэж
байгаа.
Эрх
баригч нам дотооддоо тэмцэлтэй байгаагаас үүдэн улс орны өмнө тулгамдсан чухал
ажлууд гацаанд орчихоод байгаа нь үнэн. Тиймээс энэ хурлаас гарах шийдвэрийг
дан ганц МАН гэлтгүй Монгол Улсын иргэн бүр чих тавин анхааралтай сонсож байна.
МАН-ын даргад Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн УИХ дахь МАН-ын бүлгийн
дарга Д.Хаянхярваа, МАН-ын УЗ-ийн гишүүн Н.Дэмбэрэл болон МАН-ын гишүүн
Г.Майцэцэг нарын хүмүүс нэр дэвшихээ илэрхийлсэн. Гэвч гол өрсөлдөөн У.Хүрэлсүх
болон Д.Хаянхярваа нарын дунд өрнөнө гэж ажиглагчид таамаглаж байна.
У.Хүрэлсүх
хүссэндээ хүрч, Ерөнхий сайд болж чадсан ч шийдвэр гаргах түвшинд гар
мухардчихаад байгаа. МАН УИХ-д 65 суудалтай учраас төрийн ажлыг явуулах, гацаах
нь тэдний мэдлийн л асуудал болчихоод байна. Засгийн газар ямар ч шийдвэр
гаргасан бай цааш нь үргэлжлүүлэх үү үгүй юу гэдгийг 65-ын бүлэг л шийдвэрлэж
байгаа гэсэн үг юм. Тиймээс У.Хүрэлсүхэд төрийн үйл ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэх,
зарим гацааг гаргахын тулд намын дарга болох нэн шаардлага бий.
Гэвч
түүний эсрэг \”бүтэн нам” зогсож байна. Энэ хүчтэй бүлэглэлийг төлөөлж
Д.Хаянхярваа нэр дэвшсэн. Зарим хэвлэлээр энэ бүлэглэлийг \”60 тэрбумынхан” гэж
нэрлэж байгаа. Хэрвээ энэ бүлэг ялвал байгуулагдаад сар ч болоогүй байгаа
Засгийн газар дахин унаж ч мэднэ. Тэгэхээр улс төрийн тогтвортой байдлыг хангах
үүрэг 1309 гарт байна гэж ойлгож болохоор. Шуудайлсан эвэр шиг бус НЭГ ТУГИЙН
ДОР НЭГ ЗОРИЛГЫН ТӨЛӨӨ 65-ын бүлэг ажиллаж, улс орноо хөгжил өөд татна гэдэгт
итгэж байна.