Таканоива А.Баасандоржийг
зодож, гэмтэл учруулсан хэргээр шалгагдаж буй ёкозуна Харумафүжигийн хэргийг
энэ оны сүүлээр прокурорын байгууллагад шилжүүлэхээр мөрдөн байцаалтын
ажиллагаа явуулж буй талаар цагдаагийн эх сурвалж мэдээлжээ. Ёкозуна Харумафүжи
оргон зайлах, эсвэл нотлох баримтыг устгах боломжгүй тул баривчлан саатуулах
үндэслэлгүй гэж үзэж, гадуур байцааж байгаа аж.
Харумафүжи Д.Бямбадорж
өнгөрсөн долоо хоногт цагдаад байцаалт өгөхдөө Таканоиваг алгадаж, гараар
цохисон, мөн караокены машины удирдлагаар цохисон гэж мэдүүлсэн байна. Харин
Таканоива хатуу биетээр цохиулсны улмаас толгойдоо гэмтэл авсан гэх эмчийн
дүгнэлт гарсан юм.Таканоива өөрөө
Харумафүжийг цохих үед нүдээ аньсан байсан тул хэргийн талаар тодорхой санахгүй
байгаа гэж мэдүүлсэн гэнэ.
Өнгөрсөн аравдугаар сарын
26-нд Японы Тоттори хотод болсон дээрх явдлын үеэр ёкозуна Хакүхо
М.Даваажаргал, ёкозуна Какурюү М.Ананд, сэкиваки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нарын
монгол бөхчүүд, мөн япон сүмочид бас байсан аж. Хэрэгт холбогдуулан их аварга
Хакүхо, Какурюү нараас ойрын хугацаанд мэдүүлэг авах тухай эх сурвалж
мэдээлжээ.