Монголын сумо бөхийн
холбооноос өнгөрсөн Баасан гаригт мэдэгдэл гаргажээ. Харүмафүжи Д.Бямбадорж нь
\”Макүчи” зиндааны сумоч Таканоива А.Баасандоржийг зодсон гэх мэдээлэл Японд
төдийгүй Монголд дуулиан тариад байгаа. Энэ үйл явдалд Япон, Монголын болон
дэлхийн томоохон хэвлэлүүд хоёр өөр байр суурь илэрхийлж буй юм. Зарим нь
Харүмафүжи Д.Бямбадоржийг өмөөрч байхад нэг хэсэг нь Таканоива А.Баасандоржийн
талд мэдээлэл бэлтгэн цацаж байгаа. Тиймээс Монголын сумо бөхийн холбоо
мэдэгдэл гаргасан байна.
Мэдэгдэлд
\”Сүүлийн үед сумогийн их аварга Харүмафүжи Д.Бямбадорж нь \”Макүчи” зиндааны
сумоч Таканоива А.Баасандоржийг зодож танхайрсан гэх мэдээлэл Японы төдийгүй
Монголын хэвлэл мэдээлэл, интернет орчинд цацагдаж, олны анхаарлыг татаж байна.
Үүнд олны танил зарим эрхэм эдгээр бөхчүүдтэй холбоотой асуудлыг зориудаар
дэвэргэж, сумо сонирхогчдыг болон олон нийтийг талцуулах, нэг талыг барьсан
мэдээллийг цацах зэрэг үйлдэл гарч байна. Тиймээс Монголын хоёр бөхийн цаашдын
амьдрал болон спортын амжилтад сөргөөр нөлөөлж болзошгүй элдэв буруу мэдээлэл
тараахгүй байх, хууль шүүхийн байгууллага эцсийн дүгнэлт гаргах хүртэл ул
суурьтай хандахыг олон нийтэд уриалж байна” гэжээ.