Бээжин хотын Гуаньчжуан дүүрэгт байрлах нэгэн хувийн цэцэрлэгийн багш
хүүхдүүдийг зодож байгаа тухай бичлэг нийгмийн сүлжээнд байршсанаас хойш
асуудал хурцдаад байна. Багш хүүхдүүдийн зодоод зогсохгүй нэр нь тодорхойгүй эм
өгч, тариа тарьсан тухай мэдээлэл байгаа юм.
Анх цэцэрлэгийн хүүхдүүдийн эцэг, эх цагдаагийн байгууллагад гомдол
гаргажээ. Үүний дараа шалгалт хийхэд хүүхдүүдийг зодож, цохиж байгаа үйлдэл нь
камерт бичигдсэн байна. Ингээд багшийг
ажлаас нь чөлөөлж, саатуулан шалгаж эхэлсэн байна. Мөн багшлах эрхийг нь
түдгэлзүүлжээ.
Гэвч эцэг эхчүүдийн зүгээс ганц багшид хариуцлага тооцоод өнгөрөхийг
хүсэхгүй байгаа аж. Ийм ёс зүйн доголдолтой хүнийг ажилд авсан цэцэрлэгийн
удирдлагууд буруутай гэж тэд үзэж байгаа юм байна. Мөн цэцэрлэгийн ариун
цэврийн өрөөнөөс бусад газар камер суурьлуулахыг шаардсан байна. Уг нь
цэцэрлэгийн анги болгон камертай хэдий ч багш нарын хүүхэд сурган хүмүүжүүлж
байгаа арга барил нүдэн дээр ил байх ёстой гэж тэд үзжээ. Харин эцэг эхчүүдийн
гомдлын дагуу цэцэрлэгийн багш нарын заах ур чадвар мэргэшил зэрэг дээр
нарийвчилсан шалгалт ороод байгаа аж.