Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлж, ард иргэдийнхээ аж амьдралыг сайжруулах зорилго бүхий \”жорлонгийн хувьсгал” санаачилгын хүрээнд улс орон даяар жорлонгоо шинэчилж, сайжруулах хэрэгтэй гэж БНХАУ-ын дарга Ши Жиньпин мэдэгдсэнийг \”Синьхуа” агентлаг уламжлав.
Аялал жуулчлалын бүсүүдийн төдийгүй хот, хөдөөгийн бүх газрын хөгжлийг урагшлуулахын тулд цэвэр жорлон барих нь чухал болохыг Ши Жиньпин илэрхийлээд, орчин үеийн боловсон жорлон барих ажлыг тууштай хэрэгжүүлэхийг холбогдох албаны хүмүүст саяхан үүрэг болгох үеэрээ цохон тэмдэглэжээ.
Хэдхэн жилийн өмнө тус улсын хөдөө орон нутаг болон аялал жуулчлалын бүсүүдийн жорлонд жуулчид \”ихээхэн ам муутай” байсан юм. Үүнтэй холбоотойгоор Хятад улс 2015 онд улс орон даяараа \”жорлонгийн хувьсгал” санаачилгыг хэрэгжүүлж эхэлжээ.
\”Жорлонгийн хувьсгал”-ыг эхлүүлсэн үеэс өнгөрсөн сарын эцэс хүртэлх хугацаанд Хятад улс аялал жуулчлалын бүсүүддээ тооцоолж байснаасаа 19.3 хувиар илүү буюу 68 мянган жорлон барьж, суурилуулжээ.
Аялал жуулчлалын бүсүүдээс эхэлсэн \”жорлонгийн хувьсгал” нь хотоос хөдөө орон нутгийг буюу Хятад улсыг бүхэлд нь хамарсан томоохон санаачилга болж өргөжсөн байна.
Хятадын Аялал жуулчлалын газраас гаргасан үйл ажиллагааны төлөвлөгөөнд дурдсанаар, тус улс 2018-2020 онд 64 мянган жорлон шинээр барьж, суурилуулах аж.