ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж сайд С.Зоригийн хэргийг нууцаас гаргахаа мэдэгдсэн. Тэрбээр ЦЕГ-ын удирдлагуудад үүрэг өгч, Монголын ард түмний анхаарлыг татаад байгаа талийгаач С.Зоригийн хэргийн захиалагчийг илрүүлж, зарлахыг анхааруулсан юм. Улмаар С.Зоригийн хэргийг нууцаас гаргах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулахаар болсон.
Тэгвэл уг асуудлыг өчигдөр Засгийн газрын хуралдаанаар оруулав. Ингэхдээ Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсийн дарга Н.Бархасбадь тэргүүтэй тагнуул, прокурорын төлөөлөгчид Засгийн газрын гишүүдэд танилцуулахаар Засгийн газрын хуралдаанд оролцсон юм. Гэвч дээрх материалыг нууцаас гаргах хүсэлтийг ТЕГ-ын дарга Д.Гэрэл гаргаж, Засгийн газрын хуралдаанд оруулахаар ёстой тул ирэх долоо хоногийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр хойшлуулав.
Учир нь, Улсын нууцын тухай хуулийн 15.1.4-т \”Мэдээ, баримт бичиг, эд зүйл, объект, үйл ажиллагааг төрийн нууцад хамааруулах, төрийн нууцыг татан авах, шилжүүлэх, ил болгох, нууцын зэрэглэлийг тогтоох, төрийн нууцын хугацааг сунгах асуудлаар саналаа боловсруулж Засгийн газарт оруулах” бүрэн эрхийг Тагнуулын Ерөнхий газар оруулна хэмээн заажээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар уг хэрэгтэй холбоотой 15 мянган хуудас материал байдаг юм байна. Үүний 14926 хуудас материалыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж нууцаас гаргах аж. Харин үлдсэн 74 хуудас материал нь захиалагчтай холбоотой мэдээлэл учраас нууцын зэрэглэлд нь үлдээнэ гэж эх сурвалж мэдээлж байна. Хэрвээ уг материалуудыг Засгийн газрын хуралдаанаас нууцаас гаргах шийдвэр гарвал хуулийн дагуу УИХ-аар хэлэлцүүлэх юм байна.